Эдүгэ ‧ Чухал ‧ Мэдээлэл
Өнөөдөр:

Бүтээлийн тухай

Болорсофт ХХК-с гаргасан вэбд суурилсан, оюунт програм хангамжийн бүтээгдэхүүн Эдүгэ-г танилцуулж байна. Эдүгэ™ нь эдүгээ гэсэн үгийн монгол бичгийн галиг юм. Энэхүү системийн тусламжтай эдүгээгийн хамгийн халуун сэдэв, ид түгж буй мэдээллүүдийг нэг дороос харах боломжтой.
Тус бүтээгдэхүүнийг бид олон жилийн турш хийсэн цахим хэл шинжлэлийн судалгааны үр дүнг, хиймэл оюуны машин сургалтын технологитой хослуулан бүтээлээ. Өнөөдөр манай систем дөнгөж төрсөн хүүхэдтэй ижил санамжтай байгаа гэдгийг онцлон дурдах нь зүйтэй байх. Харин цаг хугацаа өнгөрөх тусам суралцаж, сайжрах бөгөөд удахгүй мэдээллийг улам сайн ангилан ялгаж, дүн шинжилгээ гаргадаг болно.
Одоогоор тус систем нь дараах байдлаар ажилладаг.

  1. Интернэтээр урсаж байгаа асар их мэдээллээс монгол мэдээллийг автоматаар шүүн авна.
  2. Мэдээллийг хэл зүй, тэр дотроо үг зүйгээр задлан ялгана.
  3. Задлан ялгасан өгөгдлийг машин сургалтын дэд системдээ оруулан сэдвээр ангилна. Одоогоор тус вэб хуудас дээр жагсаасан арван ангилалд ялгаж байна.
  4. Мэдээллүүдийн хоорондын уялдаа холбоо, давхцалыг шалгаж хооронд нь холбож сүлжээ үүсгэнэ.
  5. Үүсгэсэн сүлжээний тусламжтай тухайн мэдээллийн олон нийтийн сэтгэгдэл, нийгмийн сүлжээн дэх тархац, уншигдсан тоо зэргийг харгалзуулсан тренд оноог тооцоолно. Мөн тархаж буй хурд, олон нийтийн тус мэдээлэлд үзүүлж буй хандлагыг эерэг, сөрөг, саармаг гэсэн 3 ангиллаар тодорхойлно.
  6. Мэдээллийн агуулгад мөн хэлзүйн талаас нь дүн шинжилгээ хийж эерэг, сөрөг утгатай эсэхийг ялган харуулна.

Дээр дурдагдсан бүх үйлдэл нь тус системээр бүрэн автоматаар хийгдэнэ.
Цаашид бид тус системийг улам сайжруулан хөгжүүлэх бөгөөд илүү шинэ боломжуудыг нэмэхээр ажилласаар байна.
Бидний санал болгож буй үйлчилгээ нь ямар нэг мэдээлэл үйлдвэрлэх эсвэл хүргэх явдал биш бөгөөд бид зөвхөн монголын мэдээллийн сайтуудын мэдээллийг хэн нэгэн хүний үзэмж, оролцоогүйгээр бүрэн автоматаар дүн шинжилгээ хийж үзүүлж буй үйлдэл юм. Энэхүү үйлчилгээ олон нийтийн хүртээл болсноор мэдээллийн сайтуудын нэг нэгнээсээ мэдээ хуулбарлах, тодорхой хэмжээгээр багасч, хэн чанартай, чадалтай агуулга үйлдвэрлэгч нь ялгарч, шударга өрсөлдөөн үүснэ гэдэгт бид найдаж, бас хүсч байна.
Хэрэглэгчийн хувьд хэзээ, ямар мэдээ мэдээлэл халуун сэдэв болж буйг мэдэх боломжгүй эсвэл маш хэцүү байдаг. Тэгвэл энэхүү даалгаврыг Эдүгэ таны өмнөөс гүйцэтгэнэ. Эдүгэ™ нь интернетээр тархаж буй монгол мэдээллийг, цаг алдалгүй, давхцалгүй шүүж, статистик болон аналитик үнэлгээг хийж үр дүнг хэрэглэгчид хүргэнэ.
Цаашлаад нийгмийн сүлжээний гол хоёр сайт болох твиттер болон фэйсбүүк хуудаснаас мэдээлэл цуглуулж, трендийг тооцоолж, эрэмбэлэн үзүүлнэ.